ҮНДЭСНИЙ ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Шилдэг инженер-хөгжлийн түлхүүр уриатай Үндэсний техникийн их сургууль /ҮТИС/ нь анх Санко коллеж нэртэйгээр 1997 онд үүсгэн байгууллагдаж улмаар сургуулийн удирдах зөвлөлийн 2012 оны тогтоолоор Монгол улсад инженерын боловсон хүчин дутагдалтай байгааг харгалзан үзэж 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн “Үндэсний техникийн дээд сургууль” болгон өөрчлөн зохион байгуулж инженерийн хөтөлбөрөөр дагнан бэлтгэдэг хувийн хэвшлийн анхны сургууль болсон бөгөөд 2016 онд Үндэсний техникийн их сургууль болон 6 салбар сургуультайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Үндэсний техникийн их сургууль нь 3 удаа магадлан итгэмжлэгдэж Эрчим хүч тээвэр, Барилга архитектур, Геодези уул уурхай, Сувилахуй, Бизнес хүмүүнлэг, Хуулийн 6 бүрэлдэхүүн сургуулиараа дамжуулан бакалавр, магистр, докторын түвшний 29 мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулж инженерын боловсролыг өндөр түвшинд эзэмшсэн олон улсын түвшинд ажиллах боломжтой 9000 гаруй төгсөгчдийг зах зээлд нийлүүлсэн бөгөөд тэд маань Япон, АНУ болон эх орны 21 аймагт уул уурхай, эрчим хүч, барилга, зам тээврийн салбаруудын түүчээлэгчид болжээ. Мөн ҮТИС-ийн дэргэд Эрдмийн хишиг лицей сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үндэсний техникийн их сургуулийн оюутнууд цэвэр, дулаан, тохилог орчинд тав тухтай сурахдаа сургалтын 2 байр, мэргэжлийн 5 лаборатори, 2 дотуур байр, спорт цогцолбор, соёлын төв, 50 мянган ном бүхий номын сан, оюутны хөгжлийн төв, багш оюутны цайны газрыг ашиглаж байгаа билээ.
Тус сургууль нь 2016 онд Европын холбооны Эрасмус плас (Erasmus+Capacity Building in Higher Education EAC/A03/2016/ Euro-Mongolian Cooperation for Modernization Of Engineering education) төслөөр хөтөлбөрөө сайжруулж өөрийн түүхэн уламжлал, дэлхий дахины нээлттэй боловсролыг оюутны авъяас чадварыг шинэ санаачлага, дадлагад суурилсан сургалтаар хөгжүүлэн олгож байна. Европын холбооны Эрасмус плас (Erasmus+Capacity Building in Higher Education EAC/A03/2016/ Euro-Mongolian Cooperation for Modernization Of Engineering education) төслийн хүрээнд 1 сая Еврогийн өртөг бүхий цахилгаан хангамжийн сургалт судалгааны мэргэжлийн лабораторитай болсноор цахилгаан хангамжийн мэргэжлийг өндөр түвшинд эзэмших боломжтой болсон.
Үндэсний техникийн их сургуульд “Оюутан та сургалтын төлбөрөө өөрөө шийдэх боломжтой” тэтгэлэгт хөтөлбөрөөр “Элсэлтийн” 7 төрлийн тэтгэлэг, суралцах хугацааны “Академик” 5 төрлийн тэтгэлэг, “Үндэсний” 6 төрлийн тэтгэлэгүүдээс гадна Боловсролын зээлийн сангийн тэтгэлэг, зээлд хамрагдах зэрэг оюутанд ээлтэй, тэдний сурч боловсрох, өсч хөгжих боломжийг бүрдүүлж байна.
Үндэсний техникийн их сургуульд 130 гаруй эрдэмтэн багш, судлаачид, инженерүүд ажиллаж байна. Нийт багш нарын 70 гаруй хувь нь эрдмийн зэрэг цолтой, туршлагатай багш төдийгүй Монгол улсын зөвлөх шилдэг инженерүүд байгаа нь оюутны онолын болон практик шилдэг дадлагаар сурлагын чанараа дээшлүүлж чадварлаг хүний нөөц бэлтгэгдэх боломж бүрдэж байдаг юм.
Сургуулийн нэрэмжит багш оюутны эрдэм шинжилгээний хурал, “Шилдэг инженер-хөгжлийн тулгуур” эрдэм шинжилгээний хурал болон инженерын салбарын олимпиад, олон улсын болоод улсын уралдаан тэмцээнүүдэд багш, оюутнууд байнга идэвхитэй оролцож эрдэм шинжилгээ судалгааны ажлууд хийж байна. Оюутны суралцах идэвхи, гоо зүй, мэргэжлийн ур чадвар эзэмших сайн дурын клубууд ажиллахаас гадна жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Оюутны намар” урлагийн их наадам, Спортын их бага наадам болон бусад уралдаан тэмцээнүүд нь оюутан суралцагсадын хүсэн хүлээдэг арга хэмжээ болсон юм.