Дуудаж байна...

Мэдээ, мэдээлэл

ҮНДЭСНИЙ ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР

2025-10-21

МЭДЭЭ

Нэг. Хөтөлбөрийн үндэслэл, хэрэгцээ:

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөр,  Дээд боловсролын тухай хуулиудын хэрэгжилтийг ханган ажиллах зорилгоор оюутан суралцагсдын хөгжих, хөдөлмөрлөх, нийгмийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх, төгсөөд ажлын байраар хангагдахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг цаг үетэй нийцүүлэн Оюутны хөгжлийн хөтөлбөрийг сайжруулан  шинэчлэн батлах шаардлагатай байна.

Монгол улс болоод дэлхийн хэмжээнд дээд боловсролын тогтолцоо түүнд тавигдах шаардлага өөрчлөгдөж, үндэсний болон олон улсын шалгуур, стандарт, сургалт судалгааг олон улсын түвшинд хүргэх зорилтууд тавигдаж байгаа энэ үед бид чиг хандлагаа өөрчилж, оюутан суралцагсад нь нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгож, хувь хүний хөгжлийн ур чадвараа нэмэгдүүлсэн, идэвх санаачлгатай, нийтийн сайн сайхны төлөө зүтгэх итгэл үнэмшил бүхий манлайлагч эерэг оюутан, иргэн байхыг энэ цаг үе шаардаж байна.

Иймд манай сургууль 2022-2026 оны хэтийн зорилтдоо оюунлаг, боловсролтой оюутнуудаараа дээд боловсролын байгууллагууд дунд тэргүүлэх байр сууриа хадгалах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа тул “Оюутны хөгжлийн хөтөлбөр”-ийг шинэчлэн батлах шаардлагатай байна.

Хоёр. Хөтөлбөр хэрэгжүүлэх зарчим:

  • Оюутан суралцагчдыг нийгмийн бүхий л хүрээнд эрх тэгш оролцох боломжоор хангаж, нас, хүйс, арьс өнгө, боловсрол, иргэний харьяалал, үндэсний угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, бэлгийн чиг хандлага, оюун ухаан, бие махбодын чадвараар ялгаварлан гадуурхагдахаас ангид байх нөхцөлийг бүрдүүлж, тэдний эрхийг хүндэтгэн хамгаалахад сургуулийн бодлогыг чиглүүлэх
  • Хөтөлбөрийн хэрэгжилтийг
  • ”Залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”, “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөр, “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”, Үндэсний техникийн их сургуулийн дүрэм зэрэг баримт бичгүүдтэй нягт уялдуулах
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оюутны боловсролын түвшин, эрэлт хэрэгцээ, сонирхол, нөөц боломж, давуу талд тулгуурлан идэвхжүүлэх, сургалтыг чанаржуулах
  • Хөтөлбөр нь оюутанд нээлттэй, уян хатан, чанартай байж, сонирхогч талуудын багш, оюутан суралцагчид, дэмжлэг олгох байгууллагуудын оролцоог хангасан байх.

Гурав. Хамрах хүрээ:

  • Үндэсний техникийн их сургуулийн оюутан суралцагчид

Дөрөв. Хөтөлбөрийн зорилго:

Үндэсний техникийн их сургуулийн оюутан суралцагчдыг эх оронч үзэлтэй, нийгмийн хариуцлагатай, харилцааны ёс зүйтэй, эзэмшиж буй мэргэжил нь академик боловсролыг хүртээмжтэйгээр нэмэгдүүлсэн эерэг өөрчлөлтийг бий болгох замаар амьдрах ухааны чадвартай, орон нутагтаа хөдөлмөрлөх хүсэлтэй, чийрэг бие бялдартай иргэн болгон төлөвшүүлэх

Тав. Хөтөлбөрийн хэрэгжих хугацаа:

2023-2026 оны хичээлийн жилд хэрэгжүүлнэ.

Зургаа. Хөтөлбөрийн зорилт:

6.1. Зорилт-1: “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг сургуулийн нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлнэ.

6.2. Зорилт 2: “Эрүүл оюутан” оюутан суралцагчдад хорт зуршилгүй, эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлж, тэдэнд ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх

6.3. Зорилт 3: “Оюунлаг оюутан” оюутан сургууль болон улсын хэмжээнд танигдсан, цаашлаад олон улсад өрсөлдөх чадвартай бүтээлч, чадварлаг оюутныг бэлтгэхээр Оюутны зөвлөл, Клубуудын зөвлөл, Оюутны конгресс байгууллагуудыг идэвхтэй ажиллуулах

6.4.  Зорилт 4: “Хариуцлагатай оюутан” оюутан бүр эх дэлхийгээ хайрлан хамгаалж, хүмүүнлэгийн үйлс болон сайн дурын ажилд идэвх санаачилгатай байх

Долоо. Хүрэх үр дүн:

7.1. “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийн хүрээнд баянгол дүүрэгтэй хамтран “Оюутны хөдөлмөрийн бирж”-ийн үйл ажиллагааг тогтмолжуулна.

7.2. Үндэсний техникийн их сургуулийн оюутан суралцагчдын боловсрол, соёл, урлаг, спортын ололт амжилт дээд боловсролын хэмжээнд өссөн байна.

7.3. Оюутан суралцагчид хорт зуршилгүй эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлэн, тэдэнд эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн байна.

7.4. Оюутан суралцагчдын эх оронч үзэл, харилцааны ёс зүй нэмэгдэж, амьдрах ухааны чадвартай, нийгмийн хариуцлагатай иргэн болсон байна.

7.5. Оюутан суралцагчид дэлхийгээ хайрлан хамгаалах, уламжлалт ёс заншлаа дээдлэх, зөв дадлыг эзэмшсэн байна.

Найм. Удирдлага зохион байгуулалт:

  • Хөтөлбөр хэрэгжүүлэх Оюутны хөгжлийн алба нь нэгдсэн төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийн тайланг хагас, бүтэн жилээр сургуулийн захиргаанд хүргүүлж, сургуулийн нийт багш оюутан суралцагсдын өмнө жил бүр тайлагнана.
  • Хөтөлбөр нь Үндэсний техникийн их сургуулийн багш ажилчид, оюутан суралцагсдын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих бөгөөд холбогдох салбар сургууль, холбоо, зөвлөлүүд хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд гарч буй ололт амжилт, ахиц өөрчлөлт, үр дүнг олон нийтэд мэдээлэх, сурталчлах үйл ажиллагааг ил тод, нээлттэй зохион байгуулна.
  • Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн мэдээ тайланг сургуулийн цахим хуудас, фэйсбүүк хуудас, мэдээллийн сувгуудаар дамжуулан сургуульд ил тод, нээлттэй хүргэнэ.