ENERGY AND TRANSPORTATION SCHOOL

Монгол улсын Эрчим хүчний салбарын хөгжлийн үе шатыг 1990-ээд он хүртэлх хугацаанд Эрчим хүчний систем байгуулагдан, цахилгаан ба дулааны хэрэгцээ өсөн нэмэгдсэн  улс орны аж үйлдвэржилтийн  үндэс суурь бүрэн тавигдсан хөгжлийн үе, сүүлийн 30 жилийг Монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээр эрчим хүчний салбарт гүнзгий өөрчлөлт явагдан өмчийн олон хэлбэр буй болж, улмаар гадаад харилцаа өргөжиж шинэ техник-технологи нэвтрэн хөгжиж байгаа эдүгээ үе болно. Өмнөх үед Монгол улсын түлш,эрчим хүчний бааз байгуулагдан олон тооны уурхайнууд ашиглатанд орж нүүрсэнд тулгуурласан эрчим хүчний салбар хөгжиж байсан бол өнөөдөр орчин үеийн аж үйлдвэрийн 4-р хувьсгалын эрин үе дэх техник-технологийн дэвшил нэвтрэн нүүрсний эх үүсвэрүүдийн зэрэгцээгээр эрчмийн шинэ төрлийн эх үүсвэрүүд, тухайлбал салхины ба нарны энерги, геотермийн дулаан, усны эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүний эх үүсвэрүүд өргөн нэвтэрч, үйлдвэрлэл, дамжуулалт, хуваарилалт, хэрэглээний бүхий л хүрээнд шинэ техник тоноглол, тоон технологи ба интернетэд үндэслэсэн ухаалаг эрчим хүчний систем нэвтрэх эхлэл тавигдаж мэдлэгт суурилсан эдийн засаг тэргүүлэх болж байна. Үүнтэй адил манай улсын тээврийн салбарын үүсэл хөгжлийг энэ байдлаар харж болно. Монгол трансаас орчин цагийн тээврийн олон хэлбэр үүсэж хөгжин эдүүгээ түүний хөдлөх бүрэлдэхүүний шинэчлэлтийн зэрэгцээгээр манай өргөн уудам нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан “мянганы зам” баригдаж, тээврийн менежмент цоо шинэ шатанд шилжив. Үүнийг дагаад Эрчим хүчний ба тээврийн салбаруудын дэд бүтцийн хөгжлийн өнөөгийн шаардлага, даяаршлын орчин нөхцөлд нийцсэн XXI зууны мэргэжилтний хэрэгцээ, шаардлага гарч, инженерийн боловсролын чанарт тавигдах шаардлага өсөн нэмэгдэж ирлээ.

Эрчим хүч, тээврийн сургууль  улс орнуудын мэргэжилтэн бэлтгэдэг нийтлэг түвшинд ойртсон бакалавр, магистр, докторын зэрэг олгох шаталсан сургалтаар үндэсний инженер техникийн мэргэжилтэн бэлтгэж байна.

Өнөөдрийн инженерүүд нь зөвхөн танхмийн сургалтаар олсон мэдлэгдээ тулгуурлан ажил, хөдөлмөр эрхлэх бус өөрийгөө хөгжүүлэн өндөр хурдацтай хувьсаж байгаа цаг үетэйгээ хөл нийлүүлэн бүтээлчээр ажиллах дадлага, чадварыг эзэмшсэн байвал зохино. Монгол улс дотооддоо инженер техникийн боловсон хүчин бэлтгэж эхлэсний 60 жилийн ой саяхан болж өнгөрсөн бөгөөд сүүлийн 30 жилийн дотор энэ талбарт төр ба хувийн хэвшлийн олон сургуулиуд буй болж мөр зэрэгцэн ажиллаж эх орныхоо эрчим хүч, тээврийн болон бусад салбаруудад шинэ үеийн дээд боловсролтой мэргэжилтнүүдийг бэлтгэх болов.

ҮТИС энэ чиглэлд мэргэжилтэн бэлтгээд 10 жил болж байгаа бөгөөд манай сургуулийг төгссөн олон инженерүүд цахилгаан станц, шугам сүлжээ, төр ба хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, тээврийн компаниудад амжилттай ажиллаж байна.

Тус сургуульд суралцаж байгаа оюутан Та бүхнийг сурах ая тухтай орчноор хангаж, манай профессор багш нар сурах хөдөлмөрт тань байнгын туслагч, шинэ мэдлэгийг олж авч эзэмшихэд бүхий л хүч чармайлтаа дайчлан ажиллах болно. Сурах үйл хэрэг бол суралцагчийн өөрийн эрмэлзэл, бүтээлч  хөдөлмөр, багш нарын анхаарал туслалцааны үр дүнг шингээсэн хамтын ажиллагаа юм гэдгийг байнга санаж суралцахыг Та бүхнээсээ хүсэн мэндчилж байна.

Эрдэм мэдлэгийг хур байнга бууж, эх орны маань хөгжил улам бүр дэлгэрч байхын ерөөл өргөе. Та бүхэнд баярлалаа.

Эрчим хүч, тээврийн сургуулийн захирал, доктор, профессор   С.ЛЯНХЦЭЦЭГ

Menu