Боловсон хүчин

      Тус сургууль нь барилга, цахилгаан, дулаан, уул уурхай, аялал жуулчлалын олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Боловсрол софт” ХХКомпанийн салбар дээд сургууль болсоноор 3 жилийн өмнөөс сургалтын цоо шинэ менежментийг хэрэгжүүлэн барилга, уул уурхай, сантехникийн инженерийн чиглэлийн сургалтаар дагнан онол дадлагын хослосон сургалт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм.

      Хөтөлбөрийн агуулга нь оюутнууд маань сургууль дээрээ олж авсан онолын мэдлэгээ цаг тухайд нь үйлдвэрлэлийн дадлагын жинхэнэ бааз суурь дээр туршин хэрэглэж, дадлагын хичээлээр сурсан чадвараа эргээд онолын мэдлэгээр баяжуулан мэргэжилдээ жинхэнэ эзэн болон төгсгөхөд оршино. Оюутнуудад аливаа нэгэн үйлдвэрлэлийн машин механизм, үйлдвэрлэлийн арга ажиллагааг олон цагийн онолын лекцээр ойлгуулахаас бодит орчин нөхцөлд нь богинохон хугацаанд тайлбарлан, өөрсдөөр нь туршин хэрэглүүлбэл тэд маш хурдан ойлгож авдаг нь дараагийн нэмэлт онолын хичээлийг илүү сонирхолтойгоор хүлээн авч сургалт үр дүнтэй болдог.
      Олон улсын их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт магадлан итгэмжлэл хийдэг Америкийн Перегрин академи манай сургуулийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг сайшаан үнэлж цаашид хамтран ажиллахаар болсон.
      Мөн шинэчлэлийн хүрээнд   улсын нэр хүндтэй сургуульд багшилж байсан эрдэмтэн багш нар болон гадаадад их дээд сургууль төгсөж өрнийн хөгжингүй техник технологийн ололт амжилттай танилцсан залуусыг урин авчирч багшлах боловсон хүчнээ өргөжүүлэн чадавхжуулж, англи, солонгос, хятад хэлний хичээлийн дадлагыг гадаад багшаар заалгахын зэрэгцээ хөдөлмөрийн зах зээлд ихээхэн эрэлт хэрэгцээтэй техник технологийн орчуулагчийн ангийг нээн ажиллуулах болсон.
      Манай сургууль үндсэн болон цагийн 60 гаруй багштай бөгөөд үүнээс 20 орчим хувийг эрдмийн зэрэг цол хүртсэн ба өндөр хөгжилтэй гадаад орны их дээд сургууль төгссөн багш нар, 20 орчим хувийг жинхэнэ үйлдвэрлэлийн орчинд мэргэжлээрээ олон жил ажилласан багш нар эзэлдэг. Ер нь инженер техникийн сургалт бол жинхэнэ үйлдвэрлэл дээр мэргэжлээрээ олон жил ажилласан багш нар, техник технологийн тусгай лабораториуд, үйлдвэрлэлийн дадлагын жинхэнэ бааз суурьгүйгээр явуулвал оюутнууд ажлын дадлага туршлагагүй төгсөж яг ажлын байранд гараад гологддогийг өнөөгийн бодит амьдрал харуулдаг.
      Бид багш нараа техник технологийн үсрэнгүй хөгжилтэй гадаад улсад мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулж, орчин цагийн техник технологийн ололт амжилтыг сургалтын агуулгадаа нэвтрүүлэх чиглэлд анхааран ажиллаж байгаа билээ.
      Багш нар маань инженерийн чиглэлийн боловсрол олгох сургалтын тусгай хөтөлбөр боловсруулан оройн ангиудыг нээн ажиллуулах болсон нь бусад энэ чиглэлийн сургалт явуулдаг сургуулиас ялгарах гол нэгэн онцлог болно. Мөн сургалтандаа зайны болон онлайн сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.