Европ-Монголын инженерийн боловсролыг шинэчлэх олон улсын хамтын ажиллагааны төсөл

Европ-Монголын инженерийн боловсролыг шинэчлэх олон улсын хамтын ажиллагааны төсөл/Erasmus+Capacity Building in Higher Education EAC/A03/2016 Euro-Mongolian Cooperation for Modernisation of Engineering education/ нь 2017 оноос эхлэн хэрэгжиж байгаа ба нийт 3 жилийн хугацаанд 2020 он хүртэл хэрэгжихээр төлөвлөгдсөн.

Уг олон улсын төсөлд Монгол Улсаас Монгол Улын Их Сургууль, Шинжлэх Ухаан Техникийн Их Сургууль, Үндэсний Техникийн их сургууль, “Эх Голомтын илч” ХХК, Европын холбооны улсаас Болгар Улсын Софиа Техникийн их сургууль, Герман Улсын Берлиний  Техникийн их сургууль,  Итали Улсын Politecnico di Torino их сургууль, Франц Улсын INES Platforme Formation & Evaluation байгууллага нар хамтран оролцож байна.

Төслийн зорилго нь Монголын зорилтот их дээд сургуулиудад инженерийн шинжлэх ухааны дээд боловсролыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, боломжуудтай уялдуулан шинэчлэн, цахим сургалтыг ашиглан виртуал шилжилт хөдөлгөөн хийх замаар орчин үеийн болон олон улсын хэмжээнд хүргэх явдал юм.

Энэхүү төсөлд хамрагдсанаар цахилгаан инженерийн хөтөлбөрийг сайжруулах, багш, оюутны  мэдлэг чадварыг дээшлүүлэн бэхжүүлэх, Европын холбооны ижил төстэй сургуулиудтай хамтын ажиллагааг өргөжүүлж багш, оюутны солилцооны ажлыг сайжруулах таатай боломж олдож байна.  

Төсөл нь дараах үндсэн 4 зорилттойгоор явагдах болно. Үүнд:

  1. Цахилгаан инженер, харилцаа холбоо, эрчим хүчний үр ашиг дахь боловсролын шаардлагад дүн шинжилгээ хийх, сургалтын шинэчлэлийн үр дүнд инженерүүдэд шаардагдах мэдлэг, ур чадвар, чадамжийг тодорхойлох
  2. Цахилгааны инженерчлэл, харилцаа холбоо, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх сургалт, заавал үзэх болон сонгон суралцах хичээлүүдийн агуулгыг олон улсын түвшинд боловсруулж, үнэлэх.
  3. Европ Монголын их сургуулиудын оюутнуудад мэдлэг, туршлага солилцох боломжыг бий болгох.
  4. Хамтарсан онлайн сургалтыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлж, туршилт хийх.

Европын холбооны Erasmus+Programme уг төслийг санхүүжүүлж байгаа ба төслийн нийт өртөг нь 964.145.00 евро байхаар тусгасан байна.

Төслийн нээлтийн арга хэмжээ Болгар Улсад 2018 оны 2 дугаар сарын 07-09-ний хооронд зохион байгуулагдсан бөгөөд төслийн 2 дахь шатны сургалт Франц Улсын Лион хотноо энэ оны 3 дугаар сарын 28-аас 4 дүгээр сарын 03-ны хооронд  зохион байгуулагдахаар төлөвлөж байна.

0 Comments

Leave A Reply